Burn out-г яг юу гэж орчуулахыг мэдэхгүй ч дотроосоо шатаж дуусах гэвэл тохирмоор ч юм шиг. Монголд байхдаа зорилтондоо хүрчих юмсан гэж бодсондоо үнэхээр л ажилласан шиг ажилладаг байлаа. Зүгээр нэг энгийн л ажил биш өдөр бүр нэг шинэ сорилттой тулгардаг болохоор хэцүү санагдсан ч дотроосоо ассан гал, цогтой бүгд болно бүтнэ гээд л их өөдрөгөөр ажиллана. Гэхдээ Монголд ажиллах ямар гэдгийг ихэнх хүмүүс хэлүүлэлттгүй мэднэ. Ялангуяа дарга ч биш цэрэг ч биш дундын менежмент түвшний хүмүүст бол дээрээс том тушаал ирэхийн хажуугаар доороос арай ч дээ гэсэн гомдолууд ирж яг голд нь яаж зохицуулахаа ойлгож ядна. Бүр цаашилбал яг одоо бол ихэнх захиралууд бүүмэрсийн үе харин ажилтнууд маань Gen Z болчингуут хоёр үеийг ойлголцуулах гэж голд нь бид нар үнэхээр л чирэгдэнэ. Ажилласаар л байлаа гэхдээ нэг л ахицгүй, урамгүй болоод хүсэл минь бага багаар унтраад л байсан. Нэг л мэдэхэд үнэхээр ажил гэж бодохоор айдаг бага зэрэг трауматай, гэхдээ хийхгүй л бол болохгүй гээд хийсээр л байдаг хүн болчихов. Нөгөө нэг анх эхлэхдээ бодож төсөөлж байсан гоё мөрөөдөл, цагаахан дүр зургууд аль нь ч санаанд орохгүй. Яажшуухан байж байгаад хурдхан болих вэ л гэж бодож эхэлсэн. Эргээд харахад би үнэхээр бүх энерги, эрч хүчээ энэ олон ажлын стресс, ачаалал, үл мэдэгдэх байдлууд, хэл ам гээд олон зүйлс дунд шатаагаад дуусгачихжээ. Тэгээд нэг удаа бодсон юм:
Хэрвээ ажил дээрээ ямар ч шийдвэр гаргахгүй зүгээр л нэг хэлснийг нь хийгээд л цагтаа ирээд, цагтаа тардаг болчихвол үнэхээр амар байхгүй юу гээд л…
Харин яг өчигдөр тэр байдлаа нэг мэдрээд үзлээ. Сургуулиасаа өөр газар ажиллах эрхгүй тул кампус дээрээ хэлснийг нь хийгээд, цагтаа ирээд л цагтаа тардаг. Хүнтэй мэндэлнэ асуултанд нь хариулна тэгж байгаад л харина. Гоё тархинд амар ч юм.
Гэхдээ үнэхээр уйтгартай.
Ёстой л нэг энэ тэнд очоод менежментийг нь цэгцлээд хаячихмаар л санагдаад, хүмүүстэй сайхан өөрчлөлт, шинэчлэлтийг талаар ярилцмаар бүр байж тэсэхгүй л юм байна. Тэгээд бас бодлоо нээх юм бодоод байхааргүй ажил хийдэг хүмүүс л их хов жив ярьдаг юм байна даа. Толгойд нь өөр даалгавар байхгүй болохоор гэж. Одоо гэхдээ дөнгөж энэ амьдралдаа дасаж эхлэж байгаа тул харж л байя. Ямар ч байсан нэг сайхан тархиа амрааж аваад өмнө нь боддог байсан гоё бүтээлч сэтгэлгээ маань нээгдэх ч юм билүү…
Цаашид ер нь ирээдүйд, яаж ч байсан burn out болтолоо ажиллахгүй бас сэтгэл зүйн хувьд стресст орох уур амьсгалтай газарт шууд үгүй гэж татгалзаж сурна гэж өөртөө амлъя. Миний амьдралын хором бүр үнэ цэнэтэй шүү дээ.